Нүүдэлчин ахуй
0 сэтгэгдэл

Монголчуудын язгуур аж төрөхүй нь нүүдэлчний аж төрөхүй мөн. Нүүдлийн амьдрал нь нутаг нутгийн болон янз бүрийн угсаа гаралтай ард түмний хувьд харилцан адилгүй.  Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг.

Монголын нүүдэлчдийн язгуур онцлогийн нэг нь байгаль орчиндоо зохицон амьдарч түүнийг хамгаалах нөхөн сэргээх замаар амьдралын баталгаагаа хангадаг. Зөвхөн таван хошуу малаа төдийгүй тэдний оршин амьдрах экологийн тухай мэдлэг ухааныг хуримтлуулан үеэс үед уламжлуулан хөгжүүлж ирсэн нь монголын нүүдэлчдийн мэргэн ухааны нэг том ололт билээ. Нүүдлийн мал аж ахуйг эрхлэхэд байгалийн шалгуур үзэгдлүүд болох ган зуд тохиох нь нүүдэлчин монголыг ухаантай мэдлэгтэй байхыг шаарддаг. 

Монголчуудын тоглоом наадам нь бага насны хүүхдийг нүүдэлч малчдын ахуй амьдралд бэлтгэдгээрээ өвөрмөц онцлогтой. Тэр дундаа өнө эрт үүссэн нийт монгол даяар дэлгэрэн орчин үеийн спорт тоглоомын түвшинд хүрч хөгжсөн эрийн гурван наадам нь нэн гайхамшигтай. Мөн оюун ухааны даац шалгасан оньсон тоглоомууд нь дэлхийд байхгүй ховор тоглоом. Монгол нүүдэлчдийн орон сууц, хувцас хунар, эдлэл хэрэгслийн онцлог нь нөхцөл байдалд тохируулан олон хувилбараар ашиглаж болох гайхамшигтай чанартай байдаг. Тухайлбал дээл нь унтахад хөнжил, гадагш гарахад гадуур хувцасны үүрэгтэй. Хоол хүнсний хувьд бас л түүний үндсэн бүтээвэр тус бүрийн тэжээллэг чанар хатах, исэх, гашлах, хадгалагдах чанарыг танин мэдсэний үр дүнд боловсрон хөгжиж иржээ.

Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.