Галбын гурван хийд
0 сэтгэгдэл

Говийн догшин ноён нутагт Данзанравжаа Ханбогд хайрханы дэргэд долоо хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж, нутаг орныг сонирхон шинжсэний дараа “Энэ нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш. Би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “Энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шидээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” хэмээн айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг байгуулсан байдаг. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830- 1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6 км зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулжээ. Дэмчогийн хийд нь Ханбогд уулнаас зүүн хойш 14 км зайтай бөгөөд энэ хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг. Эдгээр гурван хийдийн дундуур нь гарвал энерги авна хэмээдэг байна. 2007 онд Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн доктор Дашням Дэмчогийн хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоох судалгаа хийхэд ноён хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцан нь энергийн төв цэг байсан гэнэ. Мөн гол цэгээс 15 км радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байсан аж. Ноён хутагт Дэмчогийн хийд дээр намаржиж, Цагаан толгойн хийдэд зусдаг байжээ. Эрээтийн хийдэд ноён хутагт улааны урсгалын ном судар үзэж судалдаг, тэр чиглэлийн сургаал номоо айлддаг байсан бол Цагаан толгойн хийд нь сүсэгтэн ард түмэнд нилээн ойр байхаар зориулсан байна. Уг хийд рүү очихдоо Харанхуйн ам, Гэгээтийн ам гэдэг газраар дайрч очдог билээ.

Өмнөговь аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline