Хар бухын балгас
0 сэтгэгдэл

Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. 

Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж. 

Хотын туйрыг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.

Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ.

Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.

1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий сувраганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өвөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гарааг бүтээсэн зүйл байжээ.

Сонирхуулж хэлэхэд энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.

Булган аймаг, Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline