Цагаан чулуутын овоо
0 сэтгэгдэл

Гол овооноос дөрвөн тал тийш багавтар дөрөв дөрвөн чулуун овоо байна. Эл овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад туг, бүрээг албат нар нь авч хурал номынхоо газарт нандигнан хадгалж түүнийг онгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн: Энэ зэс бүрээг хүн үлээгээгүй байхад нэгэн цагт аяндаа өөрөө дуугарна.
 
Тэр дуунаар түмэн олон Чингүнжавын тугийг барьж хөдлөөд манж хятадуудыг хөөн зайлуулна. Миний бүрээний дууг сонссон монгол хүн бүрийн хүч тэнхээ нь оргилж, цог хийморь нь бадарч манж хятадуудын сүр сүлд нь гүдлэн унах болно гэж шадар ван сэрүүн тунгалаг байхдаа айлдсан юм гэж нутаг нугын олноо тэмцэлд уриалан дууджээ. Хотгойд нутгийнхан шадар вангийн хурууг, түүний алтан цогцсыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёс төгөлдөр оршуулахыг зорьжээ. Нутгийн олон энэ зорилтоо гүйцэтгэхээр манж нараас далдуур бэлтгэж оршуулах газраа ч товложээ.
 
Наран ээвэр, үржил шим сайтай, алсын бараа ихтэй хотгойд нутгийн төв Арбулаг сумын төвөөс баруун урагш 10 хүрэхгүй километрийн зайд Сөртийн хөндийн баруун бие, Цагаанчулуутын тохойн нэгэн бяцхан толгой дээр хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж, метр гаруй өндөр болгоод, түүний дээр дахин багавтар 80-аад см өндөр дөрвөлжин тавцанг мөн хавтгай чулуугаар өрж дээр нь модоор дөрвөн талтай товгор модон овоо босгосон байна. Овооны индрийн чулууг Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн улаан толгой, Арбулаг сумын Гэзэгт уулын Тэвхэн сайр гэдэг газраас сэм товлосон өдрөө манжийн туршуулд эс мэдэгдэн харуул гаргажээ.
 
Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларчээ. Цугларсан олон залбирал үйлдэж, гүн эмгэнэл илэрхийлж шадар вангийн эрхий хурууг мөнгөн хайрцагт шилжүүлэн хийж оршуулжээ. Тэнд том хавтгай чулуугаар монгол гэрийн хэлбэртэй, бат бэх овоо босгожээ. Тэрхүү овоог түүнээс хойш Цагаан чулуутын овоо хэмээн нэрлэсээр иржээ. Тэнд шадар вангийн нутаглах дуртай байсан Их- Уулаас том үндэс суурьтай таван мод авчирч суулгажээ. Түүнийг мөчир салаа ихтэй саглагар сайхан мод болохыг билэгдэн шимтэй шороогоор булж, Дэлгэрмөрөний усаар усалсан гэдэг.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline