Эрчүү хотын туйр
0 сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадас уулын арханд XIII зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшийн үлдэгдэл эвдэрхий балгас бий.

Нутгийн ард олон үеэс үе дамжсан домог яриандаа энэ хавьд эртний хот балгасын ор үлдэгдэл байдаг төдийгүй Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн толгойлогч Чингүнжавын түшлэг чулуу, сангийн бойпор гэж нэрлэдэг хоёр чулуу байсан нь цөм эртний хоттой холбоотой зүйлс байжээ. Энд барагцаалбал хааш хаашаа 100 гаруй м хиртэй урт хашаа хэрэм байсан бололтой гүвгэр газар бий. Түүний гол дунд хааш хаашаа 30 м орчим хэмжээний дөрвөлжин хэлбэртэй томоохон орон барилгын буурь, дэрсэн дунд баганын суурь зургаан том засмал дөрвөлжин боржин болон углуургатай хүрэн боржин хэд хэд цухуйж ажиглагддаг.


Хэрмийн дотор өөр бусад орон байшингийн суурь энд тэнд нэлээд бий. Түүнээс баруун хойш хэдэн зуун м-ийн зайд нэг чулуун булш, хэрэмнээс гадагш нэлээд зайтай орон байшингийн буурь бас бий. Хөшөөний дэргэдэх турь хавьд паалантай, паалангүй ваар тоосго элбэг олддог. Малтан ?зэхэд, 1-2 м гүнээс модны нүүрс, байшингийн шаваас, шохой их гарч байсан нь уг барилга түймэрт шатсаныг гэрчилнэ. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ.

Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Түүнээс гадна Мөнх хааны хөшөөний баруун өмнө 8-10 км зайтай газар /Дэлгэр мөрний тэртээ Эрчмийн нурууны ар Загзуугийн амны адагт/ хэрэм цайз бүхий том хот балгадын үлдэгдэл байдаг бөгөөд үүнийг Загзуугийн балгас буюу Эрчмийн балгас гэнэ.

Иймд энэ нь хуучин монгол сурвалжид нэр гардаг Юань улсын үеийн Эрчүүгийн балгас мөн бололтой гэж үздэг. Мөнх хааны хотын буурь турийг 1953 онд Шинжлэх ухааны хүрээлэнгээс томилон илгээсэн О. Намнандорж ахлагчтай орон нутаг судлах аяллынхан анх илрүүлэн олж судлан XIII зууны үед холбогдохыг түүхэн баримтад тулгуурлан тодорхойлсон байна. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд XIII зууны үед монголд айлчлан ирсэн Франц жуулчин Гильом де Рубрук Мөнх хааны ордонд буудаллаж хэсэг саатсаны эцэст арав хоног явж Хар Хорум хот хүрсэн байдаг.

Судлаачид Гэрэлт хөшөөний монгол бичээст "....Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж ... "гэсэн үг буйг уншаад уг хөшөөг Мөнх хааныг амьд байх үест босгосон болохыг нотолжээ. Улмаар Хятад бичээсийг уншсанаар үүнийг 1257 онд босгосныг лавтай тодруулжээ.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline