БҮГСИЙН ХҮРЭЭ
0 сэтгэгдэл

Хөвсгөл аймаг. Төмөрбулаг сум. Бүгсийн хүрээ. Дашгэндунжамбалин хийд .

БАЙРШИЛ, ТАЙЛБАР

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвөөс баруун тийш 30 км-т Тээл баг буюу 4-р багийн төвийн доод талд 1 км-т Ганц модны тохой гэдэг газар ойт хээрийн бүсэд байрласан байна. Хүрээний чанх хойно Арслант овоо, зүүн талд Дашдэрчин, баруун талд Дөш хайрхан зэрэг тахилгат уул бий. Бүгсийн голын эргээс 800 метр байна.

СОЛБИЛЦОЛ

Умард өргөргийн 49° 17’,  Дорнод уртрагийн 099°  55’

Судалгаа явуулах үеийн байдал :

Бүгсийн хүрээний туурин дээр шинээр Дашгэндэнжамбулин дугана байгуулагдсан ба бусад дугана дацангийн суурийн чулуун шороон далан хэвэндээ байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1736 он /XII жарны гал луу жил/
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1931 он
Огноо нураагдсан:: 1938 оны 11 сар

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм
Нэр, цол хэргэм : Ловон лам Д.Дамба
Нэр, цол хэргэм : Унзад лам С.Готов
Нэр, цол хэргэм : Сүсэгтний холбооны С.Сэнгээ
Нэр, цол хэргэм : Далай гүний хошууны анхны ноён Шагжбаатар
Нэр, цол хэргэм : Өвөр зүүн багийн Дэмчигжав лам


Хуучин хийдийн лам нар
800-900 орчим лам

Засагт хан аймгийн Далай гүний хошуунд 17-р зууны дунд үеэс тус хошууны өвөр зүүн багийн Дэмчигжав тэргүүнтэй хэдэн лам гомнамжин гэдэг хурлыг үе үе хурж байсан гэдэг.Энэ бүхэн нь хошууны хүрээ хийд байгуулагдах бэлтгэл урьдчилсан нөхцөл бүрдэж байсан хэрэг юм.Энэ үед олон газраар явж юм үзэж ном эрдэм сурсан шагжбаатар гэдэг нутгийн хүн Баруунзуу /Төвд/ -аас зурмал цутгамал олон бурхан, ном судрууд залж ирж Дэмчигжав тэргүүтэй лам нарын хурал хурж байсан гэрт байрлуулан залжээ. Шагжбаатар бол нутаг усандаа шарын шашин дэлгэрүүлэхэд буянтай үйлс бүтээсэн төдийгүй Засагт хан аймгийн Далай гүний анхны ноён болж байсан түүхэн хүн билээ.Төдөлгүй Бүгсийн голын сав газар Жаргалантын амнаа /Хожим жасаа толгой гэж нэрлэх болсон газар/ цогчин дацан байгуулж цогчин хурал хурж эхэлсэн байна.Энэ нь Х11 жарны гал луу жил буюу 1736 он байсан ба ийнхүү Бүгсийн хүрээ гэж алдаршсан Дашгэндунжамбалин хийд үүсжээ. Одоогийн Төмөр булаг сумын төвийн хойд талд дээрх жасаа толгой гэдэг газар байдаг нь ном жасаа хурж эхэлсэн хүрээний түүхтэй холбоотой бөгөөд мөн энэ орчинд хошуу тамгын газар байдаг байсны учир тамгын жалга тамгын дэнж ч хэмээн нэрийдэж байв.Шинэ үүссэн цогчин хийд тэргүүн хамбаараа Дэмчигжав ламыг өргөмжилжээ.Энэ бүс нутагт шарын шашин дэлгэрэхэд бурхан хамба хэмээн алдаршсан энэхүү тойн Дэмчигжав лам томоохон үүрэг гүйцэтгэжээ.Цогчин дацан нь сүсэгтний дэмэнд гэр дуганаа модон дуганаар сольж бурхан тахил лам нарын тоо аажимаар нэмэгдэж байв.Түүхэн хөгжлийн явцдаа Дашгэндунжамбалин хийд хошуу нутгийн хил дээс дотроо хоёр удаа буйр сэлгэн нүүж Хаахайн сайраас чандамань Цогбадрах уулын өвөр бие Тал булгийн аманд Бүгсийн голын дэнж дээр суурьших болсноор Бүгсийн хүрээ хэмээн алдаршжээ. Энд хүрээ суурьшаад хүрээний дунд цогчин дуганыг голлуулан түүний зүүн талд чойрын, баруун талд жүдийн дуганууд тэдгээрийн ар эгнээнд баруун талаасаа мамбын сахиусны, майдарын, диваажингийн, дуйнхорын дугануудыг байрлуулан анхны найман дуганыг босгожээ. Хүрээний төв дунд байрласан дээрх сүмүүдийн тэр орчныг “Дотуур хүрээ” гэж нэрлэж байв. Энэ дотуур хүрээнээс дөрвөн зүг рүү хүрээний гаднах гороо хүртэл өргөн гудамж гаргаж хүрээг дөрвөн хэсэгт хуваан хэсэг тус бүрт жасуудын болон лам нарын байрлах хашаа байшингууд байжээ.Хүрээний эргэн тойрны дэвсгэр газрыг гадуур хүрээ гэж нэрлэнэ.Хүрээг ноёны, ламын, хамбын, дуйнхорын гэж дөрвөн аймаг болгон хувааж аймгийн дугнуудыг аймаг тус бүрийн дэвсгэрт босгожээ.Ноёны аймагт хошууны өвөр зүүн багийн, ламын аймагт ар баруун багийн, хамбын аймагт өвөр баруун багийн, дуйнхрын аймагт ар зүүн багийн лам нар тус тус сууж байв.Хүрээний сүм дуган дацан хурал жилээс жилд нэмэгдэн зохион байгуулалтын хувьд өргөжиж 1930-аад оны үед 15-н сүм дуган, 3 суварга, маанийн 20 гаруй том хүрд,16 жасын байшингууд, ном барлах бархан, лам хуваргуудын суух 200 гаруй хашаа байшин бүхий томхон хүрээ болсон байжээ.Хүрээний лам хуваргуудын тоо ч үсч XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэр нийт лам хуврагын тоо1000 гаруй болж байсан 1930-аад оны үед 800-гаас 900 лам сууж байв. Хүрээ нь сүсэгтэн олны өргөл айлтгал жандагийн хөрөнгөөр ихээхэн бэхжиж хөрөнгө мал арвижиж байлаа. Хүрээний 16 жасаас хамгийн баян нь диваажингийн жас байсан бөгөөд 2000 гаруй хонь 300-аад бод малтай байсан ба бусад жасууд нь 500- с дээш толгой малтай болсон байв. Цогчин дуган . Цогчин дацангийн тэргүүлэх бүрэлдхүүн нь тэргүүн хамба лам , цорж лам, даа лам нараас гадна аймаг бүрээс томидлогдсон 4 ловон лам ,4 дэмч, цогчны 2 гэсгүй, 2 ширээ унзад , аймаг бүрээс суусан 8 гүрэм уншигч нараас бүрэлдэж ажиллах бөгөөд тэд зөвлөлдөн хүрээний бүх талын ажлыг зохицуулж байв. Цогчин өдөр бүр байнгын тогтмол хуралтайгаас гадна жил бүрийн өвөл зун тус бүр 8 хоног цогчин “Эхийн хурал” эхлэн 14, 15-ны өдрийн их ерөөлөөр хурж дуусгана. Мөн жилд 2 удаа Дорчин гэдэг хурал хурж сор зална. Жил бүхрийн зуны дунд сард маанийн бүтээл , зуны адаг сард гэлэн, гэцэлүүдийн 45 хоногийн хайлан хурлууд болж байв. Мөн зуны эхэн сард шунхан барын ганжуур хурж байжээ. Дашгэндунжамбалин хийд анх байгууллагдсан 1735 оноос 1938 оныг хүртэл 203 жилийн дотор 20 хамба залгамжлан сууснаас өвөр зүүн багийн харьяат бурхан хамба хэмээн алдаршсан Дэмчигжав хамба байсан бол хамгийн сүүлчийн хамба нь ар зүүн багийн харьяат Да хүрээний Дашчоймболын гавьж Галсанзундуй хамба байжээ. Чойр дацан -Гандандаржаалин 1831 онд байгуулагдсан энэ дацанд лянх домыг зуны адаг сарын шинийн 3-нд лхав домыг намрын адаг сарын 22-нд лам чойм зодыг өвлийн ихэн сарын 25-нд жүс домыг өвлийн дунд сарын 15-нд хурдаг байжээ.Мөн энэ дацанд жил бүрийн зун гавжийн дамжааны 6 өдрийн их хурал болж 3 хүн гавжийндамьжаа барьдаг байв.Чойрын гол сахиус нь Гомбо, янсан ядам бурхад байв. Мамба дацан –Пунцагшампалин.1864 онд байгуулагдсан Мамбын гол шүтээн нь Оточ, Авид бурхан ба гол сахиус нь дамжин байжээ.Тус дацангаас Гэндэн, Пэрэнлэй, Шадав, Лувсан, Сандан нарын олон маарамбууд төржээ Дуйнхар-Ивамдитанчойнхорлин тус дацан 1843 онд байгуулагдсан одон орон зурхайн ухаан судалдаг байжээ.Хаврын адаг сард Сачиг гэдэг томоохон хурал хйиж дуйнхрын бурхныг гайхамшигтай урлан жанхар хйиж бүтээгээд дүлцэн болгож бүгсийн голын усанд өргөдөг байж.Энэ дацангаас Лувсандаржаа зээрэмбэ, Шанж зээрэмбэ нараас гадна Очир, Загд,Төмөр,Жадамбаа зэрэг олон арван зурхайчид төрж гаржээ. Жүд дацан-Шадавдаржалин. 1848 онд байгуулагдсан.Жүдийн дацанд агийн ухааныг сайн судалсан Чойрын гүн ухааныг дүүргэж гавж болсон лам нар аграмбын дамжаа барьж байв.Жүд дацангаас Намжил,Гүржав,Дамба,Данзан зэрэг олон аграмба төржээ. Диваажин-Ганданпилжээлин. 1876 онд байгуулагдсан, Жамсран бурхан тахина,Найданжүдэг чог хурна, Майдар-Ганданчойнхорлин, 1903 онд байгуулагдсан,Лүндэг хансар лам санаачлан байгуулсан.Энд Майдарын хурлыг улирал бүр,мөн Жамбын чого, Бурхан багшийн чого,шамбалын ерөөл зэрэг олон ном хурдаг байв. Гүнрэг-Гандансэвжидлин. 1907 онд байгуулагдсан.Гүнрэг бурхныг тахиж,улирал бүр Гүнрэгийн хурал хурна. Намжлан-Хансарлин. 1918 онд Жамсран шанзоб лам санаачлан бүтээсэн, Энд цагийн хурал хурж Улаан сахиус,Жамсран тахидаг байжээ. Гандан-Шунсран сүм. 1912 онд уулын Лүндэг хамба бүтээлгэсэн ба цагийн хурал хурна, Гол сахиусны дугана, Энэ сүмд Далай гүний хошууны гол сахиус Дамжин чойжил бурхныг залж тахина,Өдөр бүр сахиусаа тахихаас гадна намрын эхэн сарын 7,9, өвлийн адаг сарын 27.29-ний өдрүүдэд сахиусын их тахилгын хурал хийнэ. Дөрвөн аймгийн сүмүүд. Аймгуудын хурал улирал бүрт тус тусын аймагт харьяалагдсан бүх лам нар оролцож хийнэ.Өвлийн дунд сард аймаг тус бүрт даншигийн хангал яамалж хурдаг “Арван хангал” бурхдыг тахих 3 өдрийн хурал хурна, Өвлийн адаг сарын битүүний оройгоос Балдан лхам бурхныг шөнийн турш тахиж хоноод шиниин нэгний өглөө үүрээр Цэдэр хурж тэндээ золгодог байв. Тус хүрээнд зуны дунд сарын шинийн 3-нд108 баг бүхий бүрэн хэмжээний цам гардаг байсан ба өвлийн эхэн сард сор залдаг байжээ. Бас жил бүрийн намрын эхэн сарын 15-нд Майдар эргэх ёслол болж байв. Хүрээний дацан сүм дуган бүрт Энэтхэг Төвд болон өөрийн урчуудын урласан уран чамин хийц бүхий олон арван бурхад байжээ. Мөн дуган сүмүүд нь гадна талдаа алтан шармал ганжир, бодь гөрөөс, хонхнууд дотор талдаа торго хоргой дурдангаар хийсэн дүг, лавир зэрэг уран гоёмсог зүйлсээр чимэглэгдсэн байв. Бүгсийн хүрээ нь их хэмжээний ном судрын өв сантай байжээ.Чойрын дацанд Нартан барын Ганжуур 108 боть, Данжуур 242 боть, Цанидын таван гүн ухааны судрууд Жүдийн дацанд аг, тарнийн, Мамбын дацанд анагаах ухааны олон ном судрууд залагдаж байв. 1930-аад оны үеэс эхэлсэн нам төрийн бодлого шийдвэрээр сүм хийдийн оршин тогтнох байдал улам бүр хүндэрч 1931 оны намраас Бүгсийн хүрээний мяндаг тушаалтан зарим лам нарыг баривчлан сүм дуган дацангуудыг битүүмжлэн хурал ном хурах боломжгүй болжээ. Харин 1932 оны сүүлчээс шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэниий үр дүнд тус хүрээний үйл ажиллагаа сэргэж эхэлжээ, Гэвч 1937 оноос дахин сүм хийдийн эсрэг харгис арга хэмжээ авч явуулсны үр дагавраар лам нар олноороо баривчлагдан дацан хурлууд бүр мөсөн хаагджээ, 1938 оны 11-р сард тус хүрээнд үлдсэн цөөхөн лам нар Домын жавчаа гэдэг хурлыг сүүлчийн удаа хураад сүм дуганаа бүрэн хаажээ, Эзгүй хоцорсон хүрээний сүм дугун эд хогшлыг хураан зөөж бурхан ном судар тахилын хэрэглэлийг эвдэн шатааснаар 1938 оны эцэс гэхэд 200-аад жилийн түүхтэй Бүгсийн хүрээ мөхжээ. 1990 оноос Монголд өрнөсөн ардчилалын үр дүнд Бүгсийн хүрээг дахин сэргээх нөхцөл бүрдсэн ба энэ үеэр Бүрэн тогтох, Төмөрбулаг сумын ард олны дэмжлэгээр иргэн С,Сэнгээ, Агваан, О,Төмөрбаатар,С,Доржсүрэн Б,Дашзэгвэ нарын зохион байгуулснаар 1992 оны 8-р сарын 12-нд хуучин Бүгсийн хүрээний Цогчин дуганы туурин дээр баригдсан шинэ Цогчин Дашгэндунжамбалин сүмээ нээж цогчин хурал хуржээ, Нээлтийн анхны хуралд урд үед Бүгсийн хүрээний лам байсан Д,Дамба /ловон ламаар/, С,Готов /унзадаар/, сууж Мятав, Сосор, Гэндэн, Мандшир, Дашдаваа, Цагаан, Дамдинжав, Сэнгээ нар сууж эхэлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд байнга сууж хурах ламгүй, сүсэгтэн олны хөлөөс зайдуу, дуганы халаалтын асуудал шийдэгдээгүй зэрэг үйл ажиллагаа нь зогсож зөвхөн жилийн дүйцэн өдрүүдэд 1-2 удаа Мөрөн болон ойрын сумдаас лам нар цуглан хурал хурах болжээ. Одоогийн байдлаар энэхүү хүрээний туурь буюу сэргээгдсэн Цогчин сүм ньТөмөрбулаг сумын 4-р багийн нутаг сумын төвөөс баруун тийш 30 орчим км-т Тээл багийн төвийн доод талд Ганц модны булан гэдэг газар Бүгсийн голын хойд эргээс 800 орчим метрт байна. Туурийн хойт талд Арслант овоо, зүүн талд Дашдэрчин уул, баруун талд нь Дөшхайрхан уул бий. Уг Цогчин сүмийн өмнөд талаас авсан хэмжилтээр хойд өргөрөгийн N 490 17.60’ зүүн уртрагийн E 0990 55.195’ солбицолд байна. Тууриас зүүн хойш 300 орчим метр газарт Дашдэрчин уулын өвөр бэлд 3 метр өндөр бодь суварга босгосон ба шинэ сүмийн зүүн урд 30 орчим метр зайд 1,5 метр өндөр пайлуур чулуун дээр Бүгсийн хүрээг сэргээсэн тухай 1992 оны 08-р сарын 12-ны үйл явдлыг худам монгол бичгээр тэмдэглэжээ. Холбогдох эх сурвалжууд: 1.Ч.Банзрагч. Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004. 2.С.Готов. Бүгсийн хүрээ Дашгэндунжамбалин хийд. УБ. 1999. 3. Ц.Шарав. Ахай бэйсийн хошууны хүрээ. Мөрөн хот. 2002. 4. Хөвсгөл аймгийн нэвтэрхий толь. УБ. 2004. 5. Хамтын бүтээл. Хөвсгөлчүүдийн ном. Мөрөн хот. 1992. 6. Төмөрбулаг сумын 4-р багийн харьяат ,Дашгэндунжамбалин дуганы тахилч /сахиул/ О.Цэвээнлхазалтай хийсэн ярилцлага./2007.05.31./

Тэмдэглэл :
Төмөрбулаг сумын нутаг дахь энэхүү хүрээний нэр Б.Ринчений судалгааны жагсаалтанд Бүрэнтогтох сумын Бүгсийн хүрээ нэрээр 117-д бичигдсэн ба энэхүү жагсаалтанд Төмөрбулаг сумын Тээлийн хурал нэрээр 135-д бичигдсэн байна. Энэ хийдэд шавилаж байсан эдүүгээ Хөвсгөл аймгийН Гандандаржаалин хийдийн хамба С.Готов гуай болон бусад нутгийн ард түмний яриа баримтыг үндэслэн манай судалгааны баг дээрхи нэг нэр бол одоогийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутаг Бүгсийн голын эрэг дэхь Бүгсийн хүрээний нэр мөн гэж дүгнэлээ. Хүрээний төв дунд Цогчин дугана ,түүний зүүн талд Чойрын дугана, баруун талд Жүдийн дуганууд тэдгээрийн ар эгнээнд баруун талаасаа Мамбын,Сахиусны,Майдарын,Диваажингийн,Дүйнхорын дуганыг байгуулсан найман том сүмтэй байжээ.Энэхүү хүрээний төв дахь сүмүүдийн орчныг "Дотуур хүрээ" хэмээн нэрлэдэг байв. Хүрээний эргэн тойрны дэвсгэр газруудыг "Гадуур хүрээ" гэж нэрлэдэг бөгөөд хүрээг ноёны, ламын, хамбын, дүйнхорын гэж дөрвөн аймаг болгон хувааж аймгуудын дуганыг тус бүрт нь босгож байжээ. Далай гүний хошууны энэхүү хүрээг байршил дагуу Сангийн далай нуурын зүүн талын Их хөвч уулнаас эх авч олон голын бэлчирээр Сэлэнгэ мөрөнд цутган нийлдэг тунгалаг уст Бүгсийн голын нэрээр "Бүгсийн хүрээ" гэж нэрлэжээ. Хүрээний гол цогчин дуганы бууринд нь хэмжээг нь багасгасан байдлаар шинээр барьж босгосон. Хойд талд дахь таван сүм дуганы ором туурь тод мэдрэгдэнэ. Харин лам нар гэр хашааны болон хүрээг тойрсон бусад хашаа байшингийн суурь маш их бүдгэрсэн. Хүрээг байгуулагдахаас өмнө /1736 он/ хошууны өвөр зүүн багийн лам Дэмчигжав тэргүүтэй хэдэн лам "Гомнамжин" гэдэг хурлыг Монгол гэрт үе үе хурдаг байжээ.Энэ үед хошууны анхны ноён болох Шагжбаатар гэдэг хүн Баруун зуу /Төвдөөс/ цутгамал, зурмал олон бурхан ном судрууд залж ирэн Дэмчигжав тэргүүтэй лам нарын хурал хурж байсан гэрт байрлуулан залсан нь хүрээ байгуулах урьдчилсан нөхцөл болж байв. Хүрээ ид хөгжлийн үедээ 15 сүм дугана, 3 суварга, маанийн 20 гаруй том хүрд, 16 жасын хашаа байшин,ном барлах хэвлэлийн газар,лам нарын суух 200 гаруй хашаа байшинтай том хүрээ байжээ.Нийт 1000 гаруй ламтай байв. Хүрээний жас нийт 16 жасаас бүрдэх ба хамгийн том нь Диваажингийн жас бөгөөд 2000 гаруй хонь 300-д бодтой байсан ба бусад жасууд нь 500-с дээш малтай байжээ. Цогчин, Мамба, Дүйнхор, Жүд, Диваажин, Майдар, Гүнрэг зэрэг дацан дуганатай байв. Анх 1931 оны намар хаагдаж 1932 онд дахин нээгдэж үйл ажиллагаагаа сэргээн явуулж байгаад 1937 оны сүүлчээс хаагдаж 1938 онд бүрэн шатаагдаж мөхсөн.

Хөвсгөл аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline