Шилийн Богд
0 сэтгэгдэл

Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана.

Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.

Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.

 Шилийн Богд уулын орчмын газар шороо бол өгөөж баялаг, өвс ургамалтай тул хэзээнээс адуун сүрэг, бод малын өвөл, хаврын отор хийдэг онгон зэлүүд нутаг билээ. Эрт цагийн өвөг дээдсүүд, Шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалж эх орон, төрийн сүлдэндээ залбирч сэттэлийн их эрч хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэтгэх ухааныг өдөөж өгдөг, бишрэл хүндэтгэлтэй уул гэцгээдэг. Мөн шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий. 

Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг “Агт нь хүрээт” хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг.

Талын агуй. Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм.

Агуй дотор хүрмэн чулуун асга хад, мөсөн цацаг, цан хүүрэгтэй хүрмэн чулуу хөрөхдөө мушгиран унин тогтсон сонин тогтоцтой нэн үзэмжтэй. 

Агуйн ам чанх баруун тийш харсан байх ба дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсраар шурган ордог юм. Манай оронд одоогоор мэдэгдээл байгаа галт уулын гаралтай хамгийн том урт агуй юм. Талын агуйн зүүн тийш чиглэсэн ганцхан гол хонгилтой бөгөөд хонгилын хойд талаас 2 салаа гарах боловч нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг. Нөгөө агуйн ам нь нэг чиглэлд эргэж 11 м үргэлжлээд төгсдөг. Агуй нь нийтдээ 200 м урт юм. Талын агуйн ам чанх баруун тийш гол хонгил нь зүүн тийш чиглэсэн байна. Агуйн амаар ороод 1.4 м өргөн 1.38 м өндөр, 4,8 м урт хонгилоор дамжиж эхний танхимд ороход өргөн өндөр эрс нэмэгдэж 11.1 м өргөн, 10 м орчим өндөртэй болно.

Эхний танхим 45.6 м юм. Цаашаа үргэлжилсэн өргөн урт нь ойролцоо 5 танхим бий. Хонгилын дундаж өргөн нь 8.50 м, дундаж өндөр 7 м, хонгил хамгийн өргөн хэсэгтээ 30м% нам хэсэгтээ 1.4 м юм. Агуйн нийт талбай нь 1700м2, эзэлхүүн нь 120003 м юм. Талын агуй нь шинэ төрмөлийн эриний гуравдагч дөрөвдөгч галавын үеийн галт уулын хүрмэн чулуун доторх хийн зайнд үүссэн галт уулын гаралтай агуй юм.

Агуй үүссэн чулуулаг нь галт уул оргилход газрын гадарга дээр бялхан гарсан хар бараан өнгийн хүхэрхэг сүвэрхэг бүтэцтэй магийн бялхамал чулуулаг юм. Агуйн үүссэн хүрмэн чулуу хагарал эвдрэлд маш их орсон ба хагаралтай юм. Агуйн гол хөндий чанх хөндий гадаргаараа доош 15 градусын налуу өнцгөөр газрын гүнрүү орсон байна. Агуйн хана дээвэр нэл цан хүүрэг болсон байх ба агуй үүссэн үндсэн чулуунаас өөр минералын бүрэлдэл байхгүй. Талын агуй нь олон салаа салбар байхгүй. Агуйн төгсгөл агуйн амнаас харьцангуй доор оршдог. Агуйн таазанд жигдхэн хүнхэр хэлбэртэй тааз нь өмөрч унасан хэлбэртэй парабол хэлбэртэй юм. Агуйн шалыг бүрхэж тогтсон өнжмөл мөстэй юм. Талын агуй нь хүүдий хэлбэртэй хүйтэн агуй юм. Жилийн аль ч улиралд температур нь 0 градусаас доош байх тул Агуйн амны ус цуглуулах талбайгаас юүлэгдэж байгаа ус болон агуйн амны дэргэдээс шүүрч дааварласан бяцхан булгийн ус хүрмэн чулуун дундуур урссаар агуйн хонхор мухарт тогтон зузаан нь жилээс жилд нэмэгдсээр байна.

Агуй нь маш их чийглэг хүйтэн юм. Агуйд ямар нэгэн хорт хий хуримтлал байхгүй зуны ширүүн бороо үер болоход агуйд их хэмжээний ус бууж зарим нь хүрмэн чулуулгын ан цаваар шингэж ихэнх нь агуйд тунаж үлддэг байна. Жилийн туршид урсдаг урсгал ус байхгүй хөрс ургамал амьтны ямар нэгэн бүрэлдэл байхгүй юм.

Зарим нэг шавж мэрэгч амьтан нэвтрэх боловч шал нь мөсөөр бүрхмэл учраас удаан байдаггүй.  Уг агуйг 1998 оны 2-сарын 15 нд судалж паспортжуулжээ.

Сэнжит хад. Сэнжит өндөр гэж Шилийн богд уулын зүүн урд нь 10-аад км газарт талын дунд морины уяа, зэлний гадас маягтай хоёр сэнжтэй 5-6 метр өндөр хад байх бөгөөд хоорондоо нэг км орчим зайтай юм. Энэ хоёр хад бол Чингисийн гүүн зэлний гадас юм гэнэлээ гэж нутгийн ард түмэн домоглон ярилцдаг. Нарийн ажиглавал үнэхээр тэдгээр хадны хооронд хэсэг хэсэг газар нь хонхор, зарим дэвсгэр чулуун хаданд адуу, унаганы мөр байдаг нь сонирхолтой юм.

Сүхбаатар аймаг, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline