Монголын хүн чулууд
0 сэтгэгдэл

Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. 

Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрласан байдаг ажээ. Их монгол улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.

Тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын нутагт нийт 50 гаруй хүн чулуу бий бөгөөд зарим нь он цагийн уртад элэгдэн нүүр толгойн хэсэг нь эвдрэлд орж гэмтсэн боловч ихэнх түүхэн цаг үеэ дурсах мэт хилийн зүг хараачлан оршсоор байна. Эдгээр хүн чулууд нь 13-р зуун буюу эзэнт гүрний үед хамаарагддаг.

Түрэгийн хүн чулууд буруу энгэртэй дээлтэй, хоёр тийш эргэсэн захтай байдаг бол XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд ташуу энгэртэй, зөв захтай дээлтэйгээрээ онцлог. Түрэгүүд гэзгээ олон салаа сүлжиж нуруу дагуулан унжуулдаг байсан бол XIII зууны монголчууд чихнийхээ араар сүлжиж боогоод, урд руугаа гөхөл үс үлдээдэг байсан. Энэ болгон хүн чулуун дээр гайхамшигтай дүрслэгдсэн.

Гөхөлийн ширээний хүний чулуу. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Гөхөлийн ширээд хүн чулуу бүхий хоёр дурсгал бий.

Хоорондоо 50 м орчим зайтай бөгөөд эхний хүн чулууг 5х2,5 м хэмжээтэй гонзгойвтор чулуун байгууламжийн зүүн хэсэгт нүүрээр нь зүүн урагш хандуулан зоожээ. Галт уулын хар саарал хүрмэн чулуугаар болхидуухан урлаж хийсэн бөгөөд толгой нүцгэн бололтой, орой хэсгээс холтрон унажээ. Хамар хугарсан, хоёр чих болон нүд ам мэдэгдэнэ. Хоёр гараа хэвлий өмнө нийлүүлж баруун гартаа хундага хэлбэрийн сав барьжээ. Доод хэсэгт хоёр богинохон хөл хийгээд эр хүйсийн тэмдэг сийлжээ. Хэмжээ 77х42х30 см.

Нөгөө хүн чулуу нь гурван метр голчтой, голдоо хонхор бүхий дүгрэг чулуун овооны төвд зүүн урагш харан зоолттой буй. Мөн хар саарал хүрмэн чулуугаар хийсэн бөгөөд толгойдоо тоорцог маягийн жижиг дүгрэг малгайтай. Өргөн дүгрэг царайтай, нүүрийн дүрс тодорхой мэдэгдэнэ. Зүүн гараар хэвлийн өмнө бортого хэлбэрийн сав барьж баруун гараа унжуулжээ. Хэмжээ 76х32х23см. 

Эдгээр хүн чулуудад дээл хувцас, эд хэрэглэл огт дүрслээгүй боловч ерөнхий хийц дүрслэлийн онцлог, хийсэн чулууны төрөл болон дэргэд нь буй чулуун овооны хэлбэр зохион байгуулалт зэрэг нь эдгээртэй ойр орших Хөрөгийн хөндийн бүлэг хүн чулуутай нэн ойролцоо байгаагаас үндэслэн Xlll-XlV зууны монголын түүх соёлын дурсгал гэж судлаачид үзсэн.

Хөргийн хөндий. Дарьганга сумаас зүүн тийш 45 км-т хойноосоо урагш чиглэлтэй нарийхан хөндий бий. Энэ хөндий дунд хөрөг зураг гэлтэй 7 хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр хүн чулуунууд XIII-XIV зууны түүхэнд хамаарах бөгөөд ихэнх нь малгай гуталтай хирнээ биедээ ямар ч хувцасгүй дүрслэгдсэн онцлогтой.  Түүнчлэн бүгд наран ургах зүгт хандсан байрлалтай.

Сүхбаатар аймаг, Сүхбаатар аймаг
Сэтгэгдэл
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой. Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орно уу

Mongolian Guide Application

Та манай мобайл аппликэйшнийг өөрийн гар утсанд суулгаад хүссэн газраасаа ашиглаарай.
1900-1932Mongolian Tourist HotlineMongolian
Tourist
Hotline